title icon

БCШУСЯамны сайд Ж.Батсуурь: Оюутнууд сургалтын зээл авах боломжтой боллоо .

Засгийн газрын /2016.10.05/-ны өдрийн ээлжит хуралдаанаар “Боловсролын зээлийн сан” байгуулж, “Оюутны хөгжлийн зээл”-ийн журмыг баталсан. Энэ хүрээнд өнөөдөр /2016.10.06/ Төрийн ордонд БСШУС-ын сайд Ж.Батсуурь мэдээлэл хийлээ.  

-Засгийн газрын ээлжит хуралдаанаас хэд, хэдэн чухал шийдвэрийг гаргажээ. Энэ талаар тодруулахгүй юу?

 -Засгийн газрын ээлжит хуралдаан хуралдаж, Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан боловсролын салбарын зорилтуудыг хэрэгжүүлэх хэд, хэдэн чухал шийдвэрийг гаргалаа. Нэгдүгээрт, “Оюутны хөгжлийн зээл” олгох харилцааг зохицуулсан журмыг баталсан. Хоёрдугаарт, гурав ба түүнээс дээш хүүхэд нь их, дээд сургуульд суралцаж байгаа тохиолдолд нэг хүүхдийнх нь сургалтын төлбөрийн буцалтгүй тусламжийг олгохоор болсон. Ойролцоогоор улсын хэмжээнд 1500 орчим оюутанд энэхүү буцалтгүй тусламжийг олгох урдчилсан тооцоо байна. Гуравдугаарт, “Боловсролын зээлийн сан”-г байгуулж, түүгээр дамжуулан “Оюутны хөгжлийн зээл” олгох ажлыг арилжааны банк зохион байгуулна.

– Ямар нөхцөл, шалгуураар  “Оюутны хөгжлийн зээл” олгох вэ?

-Бага хүүтэй, суралцагч сургуулиа төгсч, ажилтай, орлоготой болсон цагаасаа эргүүлж төлөх бололцоог хангасан, туйлын тааламжтай нөхцөлтэй, хөнгөлөлттэй зээл авах харилцааг зохицуулсан журам Засгийн газрын хуралдаанаар батлагдлаа. “Оюутны хөгжлийн зээл” нь гурван үндсэн төрөлтэй. Нэгдүгээрт нь, хүү бууруулах зээл, хоёрдугаарт богино хугацаатай зээл, гуравдугаарт урт хугацаатай зээл гэсэн гурван төрлийн хэлбэр байгаа. Арилжааны банкуудаас сургалтын төлбөрийн зориулалтаар цалин, тэтгэврийн зээл авсан оюутан, суралцагсад хүү бууруулах зээлд хамрагдах боломжтой. Өөрөөр хэлбэл, өндөр хүүтэй авсан зээлээ “Оюутны хөгжлийн зээл” рүү шилжүүлж боломж нь хангагдаж байна. Харин богино хугацаатай зээлийн хувьд нэг жил. Урт хугацаатай зээлийн хувьд 10 хүртлэх жил байхаар тооцоолсон. Суралцагсдын сурлагын голч дүн гурав байх, нэн хэрэгцээтэй мэргэжлээр суралцаж байгаа бол голч дүн 2.5 байхаар тогтсон. Шинээр элсэгчдийн хувьд ЭЕШ-д 400-аас багагүй оноотой буюу их, дээд сургуульд элсэн суралцах босгыг хангасан байх, үргэлжлүүлэн суралцагсдын хувьд голч дүн хоёроос доошгүй байх гэсэн ерөнхий шалгууртай. Өөрөөр хэлбэл, тухайн суралцагч 50 хувийн амжилттай суралцахад л энэхүү зээлд хамрагдах эрх нь үүсэх юм. Мөн магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн оюутан байх гэсэн нэг шалгуур бий. Монгол Улсын хэмжээнд бакалаврт суралцаж буй 125 мянган оюутан бий. Нийт оюутнуудын 49 хувь буюу 74 мянга орчим нь сургалтын төлбөрөө төлж чадаагүй, сургалтын төлбөрийн үлдэгдэлтэй байсан. Тиймээс ч энэ хэрэгцээн дээр үндэслэж оюутнуудад сургалтын төлбөрийн зээл зайлшгүй шаардлагатай гэж үзсэн.

-Зээлийг аравдугаар сараас олгож эхэлнэ гэсэн байсан. Арилжааны банкаар дамжуулж олгох уу?

-Арилжааны банкуудын хувьд “Оюутны хөгжлийн зээл”-ийг зохион байгуулах хүсэлтээ гаргаж, нөхцлийг хүлээн зөвшөөрч, “Боловсролын зээлийн сан”-тай гэрээ байгуулан ажилласнаар зээл олгох нөхцөл нь бүрдэнэ. Жилийн 5 хувийн хүү гэдэг бол арилжааны банкуудаас олгож буй зээлийн хамгийн бага хүү. Ер нь цалин, тэтгэврийн зээлийн жилийн хүү 20-25 хувь байдаг. Тэгэхээр “Оюутны хөгжлийн зээл” бол хамгийн таатай нөхцөлтэй, дарамтгүй зээлийн хэлбэр гэж бид үзэж байна. Тухайн суралцагч төгссөнөөсөө хойш 3-4 жилийн хугацаанд зээлээ төлж дуусгах боломжтой. Энэ зээлийг хөгжлийн гэж тодотгосны учир нь нэгдүгээрт оюутан бүрт зээл авах бүрэн бололцоог нээж өгсөн, хоёрдугаарт нэн тааламжтай нөхцөлтэй гэж үзэж байгаа, нөгөөтэйгүүр оюутнуудад ямар нэгэн төлбөрийн дарамтгүй суралцах боломжийг нээж өгөхийн зэрэгцээ, өрхийн амжиргааны зардлыг бууруулах, амьдрах чадамжийг дээшлүүлэхэд онцгой ач холбогдолтой. Эргээд эдийн засагт оруулж буй үр өгөөжтэй шийдвэр гэж харж байна. Учир нь эдийн засгийн оновчтой бүтцийг бий болгох, хөдөлмөрийн зах зээл дээрх ажиллах хүчний зохистой харилцааг бүрдүүлэхэд зээлийн үйлчилгээ чухал үүрэг гүйцэтгэнэ. Зээлийг хэзээнээс олгож эхлэх вэ гэхээр Засгийн газар журам албажих процессын хугацаа байдаг. Үүний дараа энэхүү үйл ажиллагааг хэрэгжүүлэх Сангийн сайд, БСШУС нарын хамтарсан тушаал гарна. Ер нь энэ сардаа багтааж арилжааны банкуудтай гэрээ байгуулснаар зээл олгох нөхцөл нь бүрдэнэ. Цаг хугацааны хувьд ойрын хугацаанд буюу энэ сардаа багтааж “Оюутны хөгжлийн зээл” олгож эхлэхээр ажиллаж байна. Нэг зүйлийг тодруулж хэлэхэд “Оюутны хөгжлийн зээл”-д зөвхөн бакалаврын сургалтад суралцаж байгаа оюутнуудад олгоно.

-Зээлд зориулж улсын төсөвт хэдэн төгрөг тусгасан бэ?

-Энэ оны төсвийн тодотголоор 90 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг баталсан. Ирэх оны төсөвт 100 тэрбум төгрөгийг тусгасан. Эхний гурван жилдээ “Боловсролын сан” улсын төсвөөс эх үүсвэрээ бүрдүүлнэ. Түүнээс хойш буюу 4, 5 дахь жилээсээ зээлийн эргэн төлөлтөөр мөнгөн эх үүсвэрээ хуримтлуулах боломжтой гэж харж байгаа. 

Мэдээллийн эх сурвалж: http://www.meds.gov.mn/-ээс