title icon

Хүмүүнлэгийн ухааны тэнхим

Мэндчилгээ

Эрдэмтэн багш нар, төгсөгчид, оюутан, та бүхэндээ 2015-2016 оны хичээлийн шинэ жилийн мэндийг дэвшүүлж, эрдмийн ариун үйлст тань амжилт хүсч, амьдралын сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!
2014-2015 оны хичээлийн жилд манай эрдэмтэн багш нар боловсролын шинэчлэлийн хүрээнд хөтөлбөрийн шинэчлэл хийх, сургалтын төлөвлөгөөний залгамж чанарыг  хангах, сургалтын гарын авлага боловсруулж, хэвлүүлэх,  оюутны клубын үйл ажиллагааг шинэ шатанд гаргах, оюутны хөгжлийг хангах, тэднийг дэмжин ажиллах, олимпиад тэмцээн уралдааны зохион байгуулалтын чанарыг сайжруулах, багш нарыг мэргэжлийн чиглэлээр мэргэшүүлэх зорилго тавьж, амжилттай хэрэгжүүллээ.

2015-2016 оны хичээлийн жилд урьд онд олсон амжилтаа баталгаажуулж, сургалтын агуулга нь оюутны мэдлэг мэдээллийг  харгалзсан, тэдний хэрэгцээнд суурилсан арга зүйг сонгосон, хэрэглэгдэхүүн нь тэдний сонирхлыг татсан, үнэлгээ нь ирээдүйн мэргэжилтэнийг дэмжсэн тэгш, шударга,  нээлттэй харилцааг улам өргөжүүлнэ.

Монгол улсын салбар бүр хөгжин дэвжихийн үндэс нь гагцхүү багш оюутны барилдлагын нандин бүтээлч харилцаа юм.

Иймээс 2015-2016 оны хичээлийн жилд тэнхимийн хамт олон оюутан бүр авьяас билгээ нээн хөгжүүлэхэд нь туслах, оюутнуудыг ажлын байрны сонгон шалгаруулалтад бэлтгэх, мэргэжилтэний ур чадварыг хөгжүүлэх, нийгэм, сургууль, анги хамт олны үйл ажиллагаанд оюутан санаачлагатай, бүтээлчээр оролцох боломж, нөхцөлөөр ханган ажиллахад үйл ажиллагаагаа  чиглүүлэн ажиллана.

Монголын ирээдүй болсон хүүхэд бүрт “Би чадна” гэсэн итгэл найдвар, насан туршдаа суралцах, амьдралдаа эзэн байх чадварыг эзэмшүүлэх ирээдүйн багш нарыг бэлтгэхэд хамтран санаачилгатай ажиллахыг Эрдэмтэн багш нар Та бүхнийг, ирээдүйн багш нарыг уриалж байна.

Сэрүүлэг их сургуулийн нийт хамт олон, та бүгдийн гэр бүлд эрүүл энх, аз жаргал, эрдэм ухааны дээдийг ерөөж,  бүтээлч ажлаар амьсгалсан сар, өдрүүдээр дүүрэн байхыг хүсье.

Эрдэм оюун дэлгэрэх болтугай.

Хүмүүнлэгийн ухааны тэнхимийн эрхлэгч                 Н.Туул    /Доктор, профессор /

Тэнхимийн Эрхэм зорилго

Алсын хараа

Хүмүүнлэг энэрэнгүй, мэдлэг чадвартай, ёс суртахуунтай, нийгмийн идэвхтэй гишүүнийг дэмжиж, нийгмийн бүх давхаргад боловсролын үйлчилгээ үзүүлж, боловсролын шинэчлэлд хувь нэмрээ оруулах.

Уриа

Бидний хичээл зүтгэлээс тэмүүлж хүссэн амжилт эхэлнэ.

Эрхэм зорилго :

Оюутны бие даасан, чөлөөт, идэвхтэй сургалтыг дэмжих, багш оюутан бүтээлчээр хамтран ажиллах орчин нөхцөлийг бүрдүүлэхэд оршино.

Үнэт зүйл

-Манлайлагч багш, оюутан – хөгжлийн гол түлхүүр

-Соёлын үрийг тараагч, алт, мөнгө, үнэт эдлэлийн уран дархан болох багшийн бүтээлч хөдөлмөр

-Ажилч хичээнгүй, хүнлэг энэрэнгүй ёс суртахуунтай, эрдэм боловсролтой оюутан

-Ажлын бүтээмж, сэтгэлгээний хурд, шинэчлэл, өөрчлөлт

2015-2016 оны хичээлийн жилийн зорилго

1.Бүтээлч сэтгэлгээ бүхий өөртөө итгэлтэй оюутныг хөгжүүлэх

  1. Мэргэжилдээ үнэнч, сонирхолтой, хүсэл тэмүүлэл бүхий мэргэжилтэн байх нөхцөлийг хангах
  2. Багш, оюутны хамтач, эвсэг, нөхөрсөг уур амьсгалыг бүрдүүлэх
  3. Мэргэжлийн ур чадварыг тасралтгүй хөгжүүлэх, мэргэжлээрээ бахархах, бусдаар үнэлүүлэх, хамтарч хөгжих
  4. Оюутан нийгэмд өөрийгөө таниулах, шинэлэг, өргөнөөр сэтгэж, бусдыг манлайлах, дагуулж хөгжих
  5. Багш ажлын байран дээрээ хөгжих, шинэ мэдлэг, мэдээллээр тасралтгүй хангах, хангагдах, мэдлэгээ хуваалцах, сургалтын шинэ арга зүйг турших, хэрэгжүүлэх
  6. Сургалтын хөтөлбөрийг орчин үеийн шаардлага, салбарын бодлогын шинэчлэлд нийцүүлэн хөгжүүлэх
  7. Багш өөрчлөлтийг өөрөөсөө эхэлж, бүтээлч санаачлагыг өрнүүлэх