title icon

Сэрүүлэг их сургуульд оюутан элсүүлэх журам

 Сэрүүлэг их сургуулийн

 захирлын 2018 оны 04-р  сарын 09-ний

 өдрийн  Б/11 тоот тушаалын хавсралт-1

СЭРҮҮЛЭГ ИХ СУРГУУЛЬД  ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ ЖУРАМ

    Нэг. Ерөнхий зүйл

1.1        2018-2019 оны хичээлийн жилд Сэрүүлэг их сургуулийн бакалаврын хөтөлбөрт оюутан элсүүлэх үйл ажиллагаанд Боловсролын тухай хууль, Дээд боловсролын тухай хууль, БCШУС-ын сайдын 2013 оны А/79 тоот тушаал, “Оюутан элсүүлэх журам”, БCШУС-ын сайдын 2018 оны А/194, А/195  тоот тушаалыг энэхүү журманд баримтална.

1.2        Тус сургуулийн бакалавр, магистрын хөтөлбөрт өдөр, орой, эчнээ хэлбэрээр шинээр элсэх элсэгчийг Удирдах зөвлөлийн хурлаар баталсан хяналтын тоог баримтлан элсүүлнэ.

1.3        Сэрүүлэг их сургуулийн болон элсэлт авах мэргэжлийн хөтөлбөрүүдийн танилцуулга, суралцах хугацаа, элсэгчдэд тавих шаардлага, элсэлтийн үйл ажиллагааны  зохион байгуулалт, бүртгэлийн талаар мэдээллийг Сэрүүлэг их сургуулийн www.seruuleg.edu.mn  цахим хуудас, сургуулийн хэвлэмэл танилцуулга дээр мэдээллийг байршуулна.

1.4        Интернетээр бүртгүүлэх иргэнийг  www.seruuleg.edu.mn  хаягаар бүртгэнэ.

1.5        Аймаг, орон нутагт зохион байгуулах элсэлтийн үйл ажиллагааг МИДСК болон тус сургуулиас хөдөө орон нутагт ажиллаж байгаа төлөөлөгч  зохион байгуулна.

Хоёр. Элсэлтийн комисс, түүний  эрх, үүрэг

2.1 Сэрүүлэг их сургуулийн захирлын тушаалаар томилогдсон  “Элсэлтийн комисс” элсэлтийг зохион байгуулна.

2.2   Комисс нь дарга, нарийн бичгийн дарга, гишүүдийн бүрэлдэхүүнтэй ажиллана.

2.3  Элсэлтийн комисс үйл ажиллагаандаа элсэлтийн журмыг удирдлага болгоно.

2.4  Элсэлтийн комисс нь элсэлтийн ерөнхий шалгалтын дүн олон нийтэд зарлагдсан өдрөөс эхлэн ажлын 10 хоногт багтаан элсэлтийн үйл ажиллагааг зохион байгуулна.

2.5 Оюутан элсүүлэх үйл ажиллагаанд ил тод, шударга, хүртээмжтэй, тэгш байдлыг хангаж ажиллана.

2.6  Элсэлтийн комисс нь тус сургуульд элсэх хүсэлтэй иргэний хүсэлтийг хүлээн авч энэхүү журамд нийцүүлэн шийдвэрлэнэ.

2.7 Элсэгчтэй хийх нэмэлт үйл ажиллагааны зохион байгуулалтуудыг хийж,   элсэгчдийг шалгаруулна.

2.8 Оюутан элсүүлэхтэй холбогдсон маргаан, гомдолыг  тухай бүр шийдвэрлэж, холбогдох эзэнд нь эргэж мэдээлэх үүрэгтэй.

2.9  2018-2019 оны  хичээлийн жилийн элсэлтийн  үйл ажиллагааны зохион байгуулалт, явцтай  холбоотой мэдээлэл, сурталчилгааг үнэн зөв явуулна.

2.10 Элсэлттэй холбоотой тайлан, явцын талаарх мэдээллээр оролцогч талуудыг хангана.

Гурав. Элсэгчдэд тавих нийтлэг  шаардлагууд

3.1 Сэрүүлэг их сургууль нь бүрэн дунд ба түүнээс дээш боловсролтой иргэнийг элсүүлнэ.

3.2 Сэрүүлэг их сургуулийн өдөр, орой, эчнээ хөтөлбөрт элсэх бүрэн дунд боловсролтой иргэн элсэгч нь ерөнхий шалгалтыг өгсөн байна. Хөтөлбөр тус бүрээр  шалгалт өгөх хичээлүүдийг хавсаргав. /Хавсралт-1/

3.3        Элсэгч нь Сэрүүлэг их сургуульд бүртгүүлэхээсээ өмнө Боловсролын Үнэлгээний Төвийн шалгуулагчийн  цахим буланд нэвтэрч хувийн мэдээлэл болон дүнтэйгээ танилцаж, ерөнхий шалгалтын батламжаа гар дээрээ авсан байна.

3.4  Сэрүүлэг их сургуульд элсэхийг хүссэн  элсэгч нь Монгол хэл бичгийн шалгалтыг заавал өгсөн байх ба тухайн хөтөлбөрт харгалзах 2-оос доошгүй хичээлээр элсэлтийн ерөнхий шалгалт өгч,  (480) хэмжээст оноо  авсанаар тус сургуулийн элсэгчид  тавигдах минимум шаардлагыг хангана.

3.5  Бакалаврын болон дипломын боловсрол эзэмшсэн мөн тусгай мэргэжлийн дунд сургуулийг төгссөн иргэн мэргэжлийнхээ дагуу элссэн тохиолдолд элсэлтийн ерөнхий шалгалт өгөхийг шаардахгүй  ба шууд элсүүлэн суралцуулна.

3.6 Гадаад улс оронд ерөнхий боловсрол эзэмшсэн элсэгч нь Боловсролын үнэлгээний төвөөс тухайн улс орны шалгалтын оноог дүйцүүлсэн батламж авсан тохиолдолд элсүүлнэ.

3.7  Сэрүүлэг их сургуульд элсэхийг хүссэн гадаадын харъяат иргэдийн асуудлыг тусад нь журмаар зохицуулна.

3.8  Бакалаврын өдрийн хөтөлбөрт элсэгчидэд үзүүлэх  хөнгөлөлттэй нөхцөл

  • 4 улирал дараалан А,В үнэлгээтэй суралцсан тохиолдолд голч дүнгээс хамааран тус сургуулийг үүсгэн байгуулагч Жаргал сангийн 50%, 100%-ийн тэтгэлэгээр суралцах боломжтой. Үүнд: /3.8 – аас дээш оноотой бол 100% /3 дахь жилээс/, 3.6-3.79 оноотой бол 50% /3 дахь жилээс/, 3.4-3.59 оноотой бол 20% / 3 дахь жилээс/
  • Олон улс болон улс, хот, аймгийн чанартай математик, гадаад хэл, газар зүй, нийгмийн ухаан, монгол хэлний олимпиадад тухайн ондоо оролцож, шагналт байр эзэлсэн элсэгчийн сургалтын төлбөрийг эхний хичээлийн жилд нь 50%-100%
  • Тухайн мэргэжлийн ерөнхий шалгалтын оноо 800 бол 4 жилийн турш

сургалтын төлбөрийн  50%-ийн хөнгөлөлт эдэлнэ. 700-799 бол 30-ийн хөнгөлөлт эдэлнэ.

  • Нэг гэр бүлээс 2 ба түүнээс дээш суралцаж байгаа нэг суралцагчийн сургалтын төлбөрийг тус сургуульд суралцсан тохиолдолд эхний хичээлийн жилд нь 20% хөнгөлнө.
  • Сэрүүлэг их сургуулийн нэрэмжит олимпиадад 1-р байр эзэлсэн суралцагчийн 4 жилийн, 2 байр 2 жилийн, 3 байр 1 жилийн сургалтын төлбөрөөс 100 % чөлөөлнө.
  • Олон улсын болон үндэсний хэмжээний спорт, урлагийн уралдаан, тэмцээнд оролцож, эхний 3 байранд шалгарч байсан элсэгчийн сургалтын төлбөрөөс эхний хичээлийн жилд нь  20 хувиар чөлөөлнө.
  • Элсэгч нь элссэн хичээлийн жилийнхээ сургалтын төлбөрийг 08-р сарын 25-ны дотор сургуулийн дансанд шилжүүлсэн тохиолдолд сургалтын төлбөрийн 10%-ийн хөнгөлөлт эдэлнэ.
  • Бүтэн өнчин суралцагчийн оюутны дотуур байранд амьдрах төлбөрийг 20 хувь хүртэл хөнгөлнө.
  • Тус сургуульд элссэн ихэр элсэгч тус бүрийн сургалтын төлбөрийг эхний жилд нь 20 хувиар хөнгөлнө.
  • Цэргийн алба хаасан элсэгчийн тухайн жилийн сургалтын төлбөрийн 10 хувийг хөнгөлнө.
  • Сэрүүлэг их сургуулийн төгсөгчид боловсролын зэргээ ахиулахаар тус сургуулийн магистрантурт суралцсан тохиолдолд эхний хичээлийн жилийн сургалтын төлбөрөөс 20 хувийн хөнгөлөлт эдэлнэ.

Дөрөв. Элсэлтийн бүртгэл

4.1 Тус сургуульд элсэх шаардлагыг хангаж, суралцах хүсэлтээ гаргасан элсэгчдийг   2018 оны 7 сарын 01-нээс эхлэнэ.

Хаяг:  Баянгол дүүрэг. Энэбишийн  өргөн чөлөө, 22в гудамж 11-р хороо,

Сургалтын  алба 212 тоот өрөө

Харилцах утас : 11-367145

Факс: 976-11-365064

4.2 Тус сургууль дээр өөрийн биеэр ирж бүртгүүлэх элсэгч нь www.seruuleg.edu.mn сайтаас “Элсэгчийн анкет”-ыг татан авч,  өөрийнхөө тухай бүрэн гүйцэд мэдээллийг  бичиж, Сургалтын албанд өөрийн биеэр  хүлээлгэн өгнө.

4.3 Орон нутгаас тус сургуульд элсэх элсэгч нь их, дээд сургуулийн элсэлтийн комисс болон тухайн аймаг дахь сургуулийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид бүртгүүлнэ.

4.4  Бакалаврын өдрийн хөтөлбөрт элсэхийг хүсэгчид бүртгүүлэхдээ дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:

  • Элсэгчийн анкет бөглөнө.
  • Цахим үнэмлэхний хуулбар
  • Бүрэн дунд буюу түүнтэй дүйцэх боловсрол эзэмшсэн баримт бичиг
  • Хувийн хэрэг
  • Элсэлтийн ерөнхий шалгалтын батламж
  • 3х4 хэмжээтэй цээж зураг 2 хувь
  • Бүртгэлийн хураамж

4.5  Бакалаврын орой, эчнээ хөтөлбөрт элсэхийг хүсэгчид бүртгүүлэхдээ дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:

  • Элсэгчийн анкет бөглөнө.
  • Цахим үнэмлэхний хуулбар
  • Бүрэн дунд буюу түүнтэй дүйцэх боловсрол эзэмшсэн баримт бичиг / Элсэлтийн ерөнхий шалгалтын батламж/
  • Бакалаврын дипломын хуулбар
  • Хувийн хэрэг
  • 3х4 хэмжээтэй цээж  зураг 2 хувь
  • Бүртгэлийн хураамж

4.6 Элсэхийг хүсэгчийн боловсролын баримт бичиг, түүний баталгаажилт бүрэн хийгдсэн байх /тамга, тэмдэг, дүн, гарын үсэг /

4.7 Тус сургуульд бүртгүүлэгч нь тухайн мэргэжилд тавигдах минимум шаардлагыг хангаж байгаа тохиолдолд хэдэн ч хөтөлбөрт бүртгүүлж болно.

Тав . Элсэгчийг  шалгаруулах

5.1  Сонгон шалгаруулалтыг Сургуулийн Захирлын тушаалаар томилогдсон элсэлтийн комисс элсэлтийн үйл ажиллагааг хот, аймаг, орон нутагт зохион байгуулна.

5.2 Тус сургуульд элсэгч нь энэхүү журмын хавсралт 1-т заасан мэдлэгээ шалгуулсан хичээлүүдийн хүрээнд босго оноог хангасан байна.

5.3 Элсэгчдийн онооны жагсаалтыг гаргахдаа  ерөнхий шалгалтын үнэлгээн дээр боловсролын үнэмлэх, гэрчилгээний дундаж оноог  харгалзана.

5.4 Элсэлтийн комисс нийт бүртгүүлэгчдийн онооны жагсаалтыг цахим болон хэвлэмэл  хэлбэрээр   мэдээлнэ.

Зургаа. Суралцах эрх олгох

6.1 Ерөнхий шалгалтын оноогоор тус сургуулийн элсэлтийн шаардлагад нийцсэн  элсэгч нь тус журмын 4.4, 4.5-д  заасан бичиг баримтыг бүрдүүлсний үндсэн дээр ирж бүртгүүлнэ.

6.2 Элсэгч нь  8-р сарын 25-30-ны хооронд өөрийн биеэр сургууль дээр ирж сургалтын төлбөрөө төлснөөр тус сургуульд суралцах  “Сургалтын гэрээ”-г байгуулна.

6.3  Тус сургуульд элсэгч нь тухай хичээлийн жилдээ нэг хөтөлбөрөөс нөгөө хөтөлбөрт шилжин суралцаж болно.

6.4 Тус сургуульд суралцах эрхийн бичиг авсан боловч заасан хугацаанд ирж бүртгүүлээгүй элсэгчийг суралцахаас татгалзсан гэж үзнэ.

Долоо . Оюутан элсүүлэхтэй холбогдсон

маргаан, гомдолыг шийдвэрлэх

7.1 Элсэлтийн бүртгэл, оюутан элсүүлэхтэй холбоотой иргэний мэдээллийг бичгээр болон тус сургуулийн 11367145 утсаар хүлээн авна.

7.2 Элсэлтийн комисс элсэлттэй холбоотой бүх асуудлыг хариуцан, эцэслэн шийдвэрлэж ажиллана.

7.3 Элсэлтийн комиссын гишүүдийн ажил үүргийн хуваарилалт, элсэлтийн үед баримтлах хэм хэмжээ, дэг журам, элсэгчдийн өргөдөл, гомдлыг барагдуулах, элсэлтийн явцад хяналт тавих зэрэг үйл ажиллагааг ил тод, олон нийтийн хяналтын дор явуулна.

7.4 Элсэлтийн бүртгэлд орох материалыг хуурамчаар бүрдүүлбэл гарах хохирол, хариуцлагыг элсэгч өөрөө бүрэн хариуцна.